Оршихуйн хязгаарт

Нэгэн орой арван наймтай Дэвид Митчелл төдөлгүй үхэл амьдралын ирмэгт тулна гэдгээ мэдэлгүй хаданд авирч байлаа. Түүнийг Cloud Atlas, number9dream зэрэг зохиолуудаар нь бид сайн мэдэх билээ. Vogue сэтгүүлийн 2014 оны 12 сарын дугаарт “Носталги” буланд бичсэн эссег нь орчуулан хүргэж байна. “Галзуу гарын аманд гараа хийхээс буцахгүй” залуу хүмүүс уншвал их аштай болов уу.

Би мөнх насаа 1987 оны зургаадугаар сарын нэгэн үдэш Английн Вуртершир мужийн Малверн толгодын дэргэдэх эзгүй уурхайн эдэлбэрт алдсан билээ. Надаас салж хагацаад, хөдөлсөн бөөн чулуудтай 260 фут (79 мерт орч.) уруу нижигнэсээр доор буй сайр чулуудтай хэдэн хэсэг болон бутарсан юм. Тухайн үед үүнийг анзаараагүй л дээ. Болж байгаа бүхэн кино эсвэл зүүд биш гэдгийг ухаарах мөчид тохиодог тэр наалдамхай мэдрэмжид би автаад завгүй байсан юм. Надад сонголт байсангүй ээ. Хэрэв хөлийн хуруу хэртэй чулуунаас хөдлөх юм бол тэнцвэрээ алдаж арван найман насандаа эмгэнэлт үхлээр өөд болно. Харин хөдлөхгүй бол чулууны ирмэг нурж, бас л адил хувь заяатай учирна. Үхэл энэ мөчийг хүртэл надад зөвхөн өвөө эмээ, аз нь харьсан золгүйчүүд, дайны талбарт амьдардаг хүмүүст л тохиодог таагүй явдал байсан юм. Өө, хэзээ нэг өдөр мэдээж үхэх байх л даа, гэхдээ өсвөр насны “хэзээ нэг өдөр” гэдэг нь угтаа “бараг л хэзээ ч биш” гэсэн утгатай үг шүү дээ. Чулуу унахыг сонсоход – би доош харж зүрхэлсэнгүй – тэр “бараг л хэзээ ч биш” нь “яг одоо” болж хувирсан билээ.

Энэ таван одтой тэнэг хэн бэ гэж үү? Тэр бол төрөлхийн адал явдал хөөгч эсвэл эрсдэл эрэгч биш гэдэг нь тодорхой. Тэр бол бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг ч анхааралд өртөхөөс бишүүрхдэг, бүрэг ичимхий зан, ээрүү ярианаасаа болж өөртөө итгэлгүй болсон залуу хөвүүн билээ. Тэрээр угаас шалгуур өндөргүй улсын сургуулийн онц сурлагатан. 1980-аад оны сүүл үеийн лакдсан арзгар үс хэтэрхий дөрвөлжин царайнд нь зохихгүй (YouTube дээр “Limahl” гэж бичээд үз), дээрээс нь Вуртерширийн шилдэг шөнийн клуб “Tanya’s”-ынд брэнди ууж суухдаа Bryan Ferry маягийн орчин үеийн залуусын өмсдөг эрээн цамц, савхин өмд, өрөөсөн ээмгээр гоёхгүй харин брюкен өмд, Adidas-ийн цагаан пүүз, бас улаан судалтай цэнхэр эрээн цамц өмсдөг байсан нь санаанд бууж байна.

Би The Smiths, Talking Heads, Joy Division-д үнэнч байсан гэж худлаа яриад яахав. Тэр үеийн сонирхол маань Rush, Genesis, аа бас Yes зэргийн прог рок (progressive rock урсгал орч.) хамтлаг руу хөтлөгдөж байсан. Аз болоход би гартаа таарсныг уншдаг байлаа. Сургууль дээр болсон хямдралтай худалдаанаас сайн санаат Англи хэлний багш маань дотроо Dubliners, Native Son, Labyrinths-ийг багтаасан ид шидтэй хайрцаг надад өгсөн юм. Ийм зохиолууд өмнө нь огт уншиж байгаагүйн учир уран зохиол анхаарал төвлөрөл шаарддаг ч эргүүлээд нийлмэл хүү өгдөг болохыг сурсан билээ. Тэр хайрцганд бас Торнтон Вилдерийн өндрөөс үсэрч үхдэг таван хүний тухай The Bridge of San Luis Rey гэдэг бусдад үнэлэгдээгүй эрдэнэсийн тууж байв.

Арван наймтай Дэвид

Арван наймтай Дэвид

Одоо дээрээс баахан чулуу нүүр лүү асгаж буй ангийн найз Я.-г танилцуулъя. Я.-д бусдын анхаарлыг татах хүч, ёжтой хошин шогийн мэдрэмж, эцгийнх нь хуучны хүмүүжлээс үүдэлтэй хатуужил бий. Яаж явж байгаад надтай нөхөрлөснийг нь сайн мэдэхгүй юм. Магадгүй бэлгийн морины шүдийг үздэггүй шиг л юм болсон байх. Дундаж амьдралтай өсвөр настнуудын ёсоор бид этгээд сонин хотуудад бэртэгчин ирээдүйг мөрөөдөж байлаа. Харин Я. энэ зорилгод надаас илүү ойрхон байсан юм. Тэр хагассайн өдөр ажилладаг газрынхаа зургийн жааз хийдэг хүмүүсээр дамжуулж зарим зургаа зараад амжчихсан, өнгөрсөн зуныг одоо Оксфордод сурч буй найз охинтойгоо Европоор аялж өнгөрөөсөн. Гэтэл би амралтын өдрөөр Woolworths дэлгүүрт уут зарж, зуны амралтаа Хойд Уэльсын зусланд өнгөрөөсөн байв. Харин найз охид гэвэл. . . . охид бол миний хувьд хүсэл эрмэлзэл нь амжилт бүтээлээсээ хэтийдсэн нэг талбар байсан юм. Охид – ялангуяа надтай адил төгсөх ангийн С. – хаа сайгүй байдаг юм мөртлөө учир битүүлэг нууц байлаа. С. ангид орж ирэхээр зүрх маань дэлсдэгсэн. Яаж ингэсэн юм бол? Үдэшлэгт урих санаатай залгасан хэрнээ таг дуугүй болоод, ганц үг солилгүй утсаа тасладаг байтал хичээл дээр яаж яриа өднө өө гээд л. Гучин жилийн хойно С.-ийн царайг бүдэг бадаг санаж байгаа ч гайхсан бас төвөг удсан янзтай “Байна уу? Хүн байна уу?” гэх дууны өнгийг нь сайн санаж байна.

Хад чулуу руу эргээд очъё. Я. бид хоёр тийшээ авирах болсон учрыг цаг хугацаа булингартуулж орхижээ. Тэр үеийн “Би” бол Малверны уйтгартай амьдралд бурууг тохож мэдэх юм. Жорж Бернард Шау манай хотхоныг автобус явдаг оршуулгын газартай зүйрлэсэн гэх цуу яриа бий, гэхдээ Тэтчеризмийн ачаар автобус нь хүртэл алга болсон. (Одоо аав болсон хойно “хийх юмгүй” гэсэн яриаг хүлээж авна гэсэн ойлголтгүй болсон – өөртөө “Хөөе маанаг аа, Итали хэл сураач, ядаж үкүлэлэ ч болов тоглож сур!” гэж хэлмээр санагддаг юм.) Бас Я. бид хоёрын гурван сар хийх юмгүй уйдаад яасан ч яахав гэсэн тоомжиргүй зантай болсноос ч байж мэднэ. Бид таван сард төгсөлтийн шалгалтаа өгчихөөд найман сар хүртэл хариугаа хүлээх ёстой байв. Дүн маань сайн байвал Кентербери дэх Кентийн Их Сургуулийн утга зохиолын ангид орно. Харин тааруу бол. . . . Сайн асуулт байна. Би өдөр хоногийг гэртээ гиюүрч, эцэг эхээ уурлуулж, үзэшгүй муухай шүлэг бичиж, нохойгоо салхилуулж, С.-ийг үдэшлэгт урилгүй байсаар аргацаана. Энэ явдлыг богино өгүүллэг болговол үйл явдал ингэж өнгөрнө: Я.-гийн дүр “Уурхайд авиръя” гэнэ. Харин миний дүр юм бодолгүй уухайн тас зөвшөөрнө. Энэ үзэгдэл харин ямар бодолгүй хүүхэд байсныг маань харуулж байгаа байх. Одоо бол би тэнэг алхмыг зүрх зоригтой андуурсан маанаг хүүхдүүд байсан гэж л таамаглаж байна даа.

Сайр чулуу эхлээд яльгүй гудайсан байхад Я. бид хоёр ухарч болмоор хэвгийгээр хоромхон зуур авирч байтал илүү бат бөх, хурц ирмэгтэй хаданд тулж очив. Нүдний өмнүүр бага сургуулийн номын санд Малверн толгодын уурхайд – энэ уурхай биш юм байгаа? – авирч байгаад амиа алдсан хүүгийн эцэг эхийн хандивласан Британника цуврал толь бичиг жирэлзэн өнгөрлөө. Ингээд хад чулуу бүр эгц уруу болоод, хөл гараа тавих чулуу цөөрсөөр, хоорондоо хол зайтай болж эхлэв. Я. бид хоёр анхаарлаа төвлөрүүлэх гэж дуугаа хураацгаажээ. Доорх замд нохойтой хүн өчүүхэн болж үзэгдэнэ. Хамгийн хөгийн юм нь, тэр хүн утасны бүхээгнээс эцэг эх рүү маань залгаж орхих вий эсвэл нисдэг тэрэг дуудчих вий гэж санаа зовж байсныг яана. Гэрийнхэн маань дараа өдөр нь тайвшраад хэлэлцэхийн оронд дургүйцлээ маш удаан дотроо хадгалж явдаг хүмүүс юм. Тэгээд хэрэг бишдвэл Уурхайн явдал байдлыг орвонгоор нь эргүүлж орхино. Ганц үг л зөрвөл “Уурхайд авирсан сод ухаантан маань ингэж айлдав уу?” гэсэн хариу авах болно.

Би яг Я.-д хулчийгаад буцлаа гэж хэлэх гэж байтал уурхайд авираад амиа алдсан хүн бүрийн ухаардаг зүйлийг бас ухаарлаа. Одоо буух өнгөрчээ. Дээшээ Я.-гийн өсгий рүү өнгийв. Тусламж гуйх ч аргагүй болжээ. Одоо Я. миний дээрээс уначихгүй байх нь л хамгийн том тус болох юм. Би татах хүчинд өртөж мэдэх тул аль болох чичрэхгүй байхыг хичээж байв. Северн хөндийн замын хүржигнээг сонсонгоо дахиад нэг алхам дээшилтэл хүндийн төв маань хойш савж, барьж болох цорын ганц зүйл – уурхайн оройд ургасан бутны өргөст мөчрөөс бариад авлаа. Гарын алгыг хурц үзүүрт өргөс хатгана. Хамаагүй чанга татвал үндэстэй нь зулгааж мэдэх байв. Энэ зуур брюкэн өмдтэй хүү өндрөөс үсэрч үхсэн тухай сонины мэдээ төсөөллөө. С. намайг өөрт нь сайн байсныг хэзээ ч мэдэхгүй, харин тэнэг амьтан шиг үхсэн гэдгийг л мэдэх болно.

Миний нэр энэ нийтлэлийн дээр буй, тэгэхээр чи төгсгөлийг нь мэднэ. Харин олон хором, олон метр өнгөрсний дараа Я. минийхтэй адил цус, хөлс, шороонд хутгалдсан гараа сунгаж уурхайн ирмэг дэх гөлгөр өвсөн дээр гаргав. Бид хоёр хашаа даваад, Херфордширээс алсын Брэкон Биконс уулс одоо ч сайхан үзэгдэх барааг харсан хярд очлоо. Дельтапланаар нисэгчид өдрийн сүүлчийн дулаанд хөөрөн нисч ахуй. Я. бид хоёрын аль нь ч “Бурхан минь, ёстой үхэх дөхлөө шүү” гэж хэлээгүй. Учир нь энэ бол тун ойлгомжтой хийгээд маш аймшигтай үнэн байсан юм. Оронд нь ойд байрлах судалгааны багийн заяагүй ноход хуцаж ханатал нь зүгээр л алсыг ширтээд суусан билээ.

Жаахан азнаад бид хоёр Малверн толгодын Зочид буудал руу амьдрал гэдэг хялбархан цоорчихдог хальс биш бетонон шал юм байна, хүн гэдэг зун л гарч ирдэг цөөрмийн шавж хорхой биш байнгын зүйл юм байна гэж итгэсэн аятай шил Heineken эсвэл Strongbow уухаар явсан юм. Би мөнх нас маань байдаг асан газар шинэ өвдөлт мэдэрлээ. Энэ бол Амьдралд, Амьдралын төлөө гүнээ талархаж буй өвдөлт байсан юм. Аахаар шаахар зүйлсээ хойш тавьсан хамгийн тэргүүн тэр ховорхон мөчүүдэд би энэ өвдөлтийг мэдэрсээр ажгуу.

Leave a comment