Жонн Стейнбэк хайр дурлалын тухайд

2 сарын 27-нд Нобелийн шагналт зохиолч Жонн Стейнбэкийн 113 насны ой тохиож буй. Түүнийг бид East of Eden, Of Mice and Men, The Grapes of Wrath зохиолуудаар нь сайн мэднэ. Бас гайхалтай захидал бичдэг байсныг нь дурдах хэрэгтэй. Гэр бүл, найз нөхөд, редактор, олны танилуудад бичсэн 850 гаруй захиа занааг нь багтаасан Стейнбэкийн Амьдрал Ил Захидлаар номоор зохиолчийн дотоод бодол, хөдөлмөрч зан хийгээд цэцэн ухаантай танилцаж болно.

Энэ дундаас Сюзан гэгч охинд ухаангүй дурласан ууган хүү Томдоо бичсэн захидал бол хайр дурлалын талаарх хамгийн ухаалаг зөвлөгөөнүүдийн нэг билээ. Түүний маш өөдрөг хийгээд мэргэн үгс нь хүүгийнх нь төдийгүй хүн бүхний оюун бодолд бат шингэх болтугай.

Нью Ёорк

1958 он, 11 сарын 10

Хайрт Том:

Өнөө өглөө захиаг чинь авлаа. Би нэг өөрийнхөөрөө, мэдээж Элайнь бас өөрийнхөө бодлоор хариулна аа.

Нэгт – хэрэв чи дурласан бол – энэ чинь сайхан зүйл – энэ бол хүнд тохиолдож болох хамгийн сайхан зүйл.

Хоёрт – Хайр дурлал хэд хэдэн төрөл байдаг юм. Нэг нь их зан гаргах гэж хайр сэтгэлийг ашигладаг хувиа бодсон, муу санаатай, ховдог шунахай, амин хувиа хичээсэн төрөл. Энэ бол үзэшгүй муухай, эрэмдэг төрөл нь. Нөгөөх нь зөвхөн бусдад сайхан харагдах гэж биш нөгөө хүнээ өвөрмөц бөгөөд үнэ цэнэтэй нэгэн юм гэж ойлгож ухамсарласан аугаа их хүндэтгэл, нинжин сэтгэл, анхаарал халамж, хүндлэл бишрэлийн сайн сайхан гэсэн бүхнийг юүлж байдаг төрөл. Эхнийх нь чамайг доройтуулж, өчүүхэн нэгэн болгож чадах бол удаах нь чамд байгаа гэж мэдээ ч үгүй байсан хүч чадал, эр зориг, сайхан сэтгэл, мэргэн ухааныг дотроос чинь чөлөөлж чадна.

Чи шохоорхол биш гэж байна. Чин сэтгэлдээ мэдэрч байгаа бол мэдээж энэ чинь шохоорхол биш.

Гэхдээ чи юу мэдэрч буйгаа надаас асуугаагүй байх. Үүнийг чи хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Одоо яах вэ гэж тусламж хүссэн бол харин би хэлж чадах юм байна.

Бусдыг хайрлана гэдэг хамгийн сайхан хийгээд хамгийн үзэсгэлэнтэй зүйл юм. Эзэн нь байж сур.

Хэрэв чи хэн нэгэнд дурласан бол – ингэж хэлэхэд ямар ч гэм хоргүй – зарим хүмүүс маш бүрэг даруу гэдгийг санах нь зүйтэйн дээр сэтгэлээ илчлэхдээ тэр даруу занг нь бас бодолцож үзээрэй.

Охид чиний юу мэдэрч байгааг давхар мэдэрч чаддаг юм. Гэхдээ тэд бас үүнийг чинь сонсохыг хүсдэг.

Ямар нэг шалтгаанаар сэтгэлийг чинь хариулахгүй байж ч болно оо– гэвч энэ чиний сэтгэлийн үнэ цэнэ буурч, сайхан чанараа алдлаа гэсэн үг биш.

Эцэст нь хэлэхэд, аав нь өөрөө ийм мэдрэмжид автсан хүн болохоор чамайг сайн мэдэж байна, бас дурласанд чинь баярлаж байна.

Манайхан Сюзаныг гэртээ тавтай угтан авна аа. Гэхдээ өөрийнх нь эзэмшил юм болохоор Элайнь дуртайяа зохицуулах биз. Ээж чинь ч гэсэн хайр дурлалын талаар мэдэх учир чамд илүү дэм болж ч магадгүй.

Алдана гэхээс бүү ай. Зөв бол заяагаараа л болно – Хамгийн гол нь яарч болохгүй. Сайхан юм холддоггүй юм.

Хайрт

Аав нь

Хамгийн хачирхалтай нь би энэ захидлыг уншчихаад унтахдаа шохоорхдог хүнээсээ ‘би чамд сэтгэлгүй’ гэсэн захиа авж байна гэж зүүдэлсэн юм даа. Уг нь бол бүтэлгүйтлээ гэж зүүдэлвэл сайны дохио гэж судалгаагаар баталчихсан гэсэн.

2 comments

  1. Ricky · September 26, 2015

    Busdiig hairlana gdg hamgiin saihan hiigeed hamgiin uzesgelentei zuil ym ♥

    Like

  2. Ricky · September 26, 2015

    Бусдыг хайрлана гэдэг хамгийн сайхан хийгээд үзэсгэлэнтэй зүйл юм. ❤

    Like

Leave a comment